Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Showing posts with label Дууны нэр: Амьдрал хайр дээр тогтдог. Show all posts

Gee ~ Амьдрал хайр дээр тогтдог

9:35 AM

Амьдрал юун дээр тогтдог вэ?
Асуулт байна надад /х4/
Амьдрал юун дээр тогтдог вэ?
Аз жаргал яагаад хэсэг байгаад бид нараас зугтдаг вэ?
Амьдрах тэр цаг хугацаа үнэ цэнэ нь юу юм бэ?
Алхам тутамд гарах шийдвэрүүдээс аль нь зөв бэ?
Хорвоо минь надад даруй өгөөч асуултын хариуг
Гэж би өөртэйгөө яривч амьдрал чи дэндүү яаруу
Үхлийг чинь даахгүй атлаа өөрөө би үнэхээр яаруу
Өнгийг чинь мэдэхгүй атлаа үзсэн юм шиг худлаа даруу
Үгүйсгээд үг үсгээр чамайг чичлэх гээгүй
Төгс гээд төгсгөөд намтараа бичих гээгүй
Мөхөс гээд мөрөөдсөөр зүгээр суусангүй
Ухас гээд элдэв шидийг бодож гутарсангүй
Амьдрал чи намайг алдлаа гээд буцаагаагүй
Алтаар ороогоогүй ч ариун хайраар дутаагаагүй
Алтан шороонд чинь мөрөө үлдээх азтан би
Чи намайг хайрласан шиг бусдыг хайрлах ёстон би

Дх: Амьдрал хайр дээр тогтдог гээд
Алагхан хорвоо хэлээд байх юм аа /х2/

Ороо бусгаа үед орох орон гэргүй өссөн ч
Одоо эсрэгээрээ амьдрал надад гэр бүл өгсөн
Өөртөө жаргалыг биш өрөөл бусдад хайрыг өгсөн
Өчүүхэн үйлийн шагнал амьдрал надад хайраа өгсөн
Үнэхээр юу тарина түүнийгээ буцааж хураана
Бусдад муу санавал бусад чиний түүхийг нураана
БИ агуу хэмээн амьдарч болно өөрийн дураар
Гэсэн ч тэмцэх нэгний зам нь үлдэж тодхон зурайна
Дандаа жаргадаг бол тэр амьдрал уйтгар гуниг
Мөнх насалдаг бол мэдрэхгүй үнэ цэнийг
Хорвоо төгс учир ялгахгүй ямарч хүнийг
Хойно минь хоцрох түүх гэрчилнэ энэ бүхнийг
Арвин баялагаас нь амьдралын хаялгаас нь
Авах гээхийн ёсоор хандаж алхам би улам цаашилна
Агаараар нь амьсгалж усыг нь уусан азтан би
Амьдрал намайг хайрласан шиг бусдыг хайрлах ёстон би

Дх: Амьдрал хайр дээр тогтдог гээд
Алагхан хорвоо хэлээд байх юм аа /х2/

Read On 0 - сэтгэгдэл

Чинболор, Энхмэнд - Амьдрал хайр дээр тогтдог

8:10 AM
Ээжийн цайлган цагаан сэтгэл
Энхрий уяхан бүүвэйн дуу
Эрдмийн харгуйд өргөсөн цацал
Эмзэгхэн хайрыг мэдэрсэн зүрх

Аавынхаа гүндүүгүй эрсхэн зан
Аливааг тунгаах эрдэм ухаан
Алсын бодолтой гүн сэтгэлээр
Агуу хайрыг мэдэрсэн зүрх

ДХ: Амьдрал хайр дээр тогтдог гээд
Алагхан хорвоо хэлээд байх юмаа

Тэнүүн байгалийн энгүй уудамдаа
Тэнгэрийн солонго харан баясаад
Барьж чадаагүй ч биширч явсан
Балчирхан насны ариухан дурсамж

ДХ: Амьдрал хайр дээр тогтдог гээд
Алагхан хорвоо хэлээд байх юмаа

Хөх тэнгэртээ нар сартай нь
Хөхөмдөг талаа навч цэцэгтэй нь
Хөвч хангайгаа ан гөрөөстэй нь
Хүсэл хайраар дээдлэх зүрх

ДХ: Амьдрал хайр дээр тогтдог гээд
Алагхон хорвоо хэлээд байх юмаа


Үг: Ш.Дулмаа
Ая: Д.Цэрэнчимэд
Read On 0 - сэтгэгдэл

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2