Цэн цэнгий зэлээ шиг өнгөрөх
Цаг цагийн урсгалд нь болвол доо хө
Сэргэлэн цовоо чамайгаа гэсэн
Сэтгэлийн толин сэвтээ нь үгүй ээ
Хөсөг хөсгийн хөврөө шиг өнгөрөх
Хоног хоногийн урсгалд нь болвол доо хө
Эелдэг даруу чамайгаа гэсэн
Итгэлийн сүлдэн элээ нь үгүй ээ
Хун хунгийн цуваа шиг өнгөрөх
Сар сарын урсгалд нь болвол доо хө
Ялдам дөлгөөн чамайгаа гэсэн
Янагийн наран хиртээ нь үгүй ээ
Жин жингийн жигдрээ шиг өнгөрөх
Жил жилийн урсгалд нь болвол доо хө
Хайлган цайлган чамайгаа гэсэн
Халамжийн илчин хариа нь үгүй ээ
Post a Comment